/ Бидний тухай / Түүхэн замнал / Түүхэн замнал

Түүхэн замнал

БНМАУ-ын Дотоод явдлын Яамны Сайдын 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 тоот тушаалаар Дорноговь аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харъяанд анх удаа цагдан сэргийлэх анги  байгуулагдаж, дарга, төлөөлөгч, байцаагч, таван цагдаагийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн түүхтэй.

1990 онд Монгол улсад ардчилсан хувьсгал ялж, өмнөд хөрш БНХАУ-тай найрамдалт харилцаа сэргэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа асар хурдацтайгаар өргөжин тэлж, хоёр орны ард иргэдийн харилцан зорчих явдал жилээс жилд өсөн нэмэгдэж эхэлсэн байна. Эрт дээр цагаас эх орны өмнө зүгийн аян замын гарц болсоор ирсэн Замын-Үүд хэмээх хилийн жижигхэн боомт их хөлийн газар болон хувирсан юм.

Хилийн боомтын үйл ажиллагаа өргөжиж, Замын-Үүдэд байнга болон түр оршин суугчид, хилээр зорчин явагсадын тоо нэмэгдэхийн хэрээр эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байсныг харгалзан Монгол улсын Засгийн газрын 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 10 дугаар протоколын дагуу Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 103 тоот тушаалаар Дорногоь аймгийн Замын-Үүд суманд Цагдаагийн тасаг байгуулагджээ.

Тус тасаг нь 1992-1995 он хүртэл 3 өрөөтэй модон байшинд, 1995-1997 онд тэмээтэй хөшөө бүхий төмөр замын чулуун байшинд шилжин байрлаж байгаад 1997 оноос одоогийн 3 давхар байранд шилжин орсон юм.

Цагдаагийн хэлтсийн барилга нь 1997 онд 238.0 сая төгрөгийн өртөгтэй, албан ажлын 15 өрөөтэй, 5 автомашины гаражтай, эрүүлжүүлэхийн 4 камертай ашиглалтад орсон бөгөөд анх автомашин 2, суурин станц 2, гар станц 8, аймгуудтай ярих богино долгионы радио станц, төрийн ВЧ холбоо, туслах аж ахуйд 40 орчим бог малтай байжээ.

 

Тус хэлтэс анх 2 офицер, 8 цагдаа, 1 жолоочийн орон тоотойгоор байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэл 27 жилийн түүхийг туулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байна.

 

1992 оноос анхны тасгийн даргаар ахмад Чогнийжамц овогтой Төмөрбаатар, эрүүгийн төлөөлөгч дэслэгч Агваан овогтой Зоригт, жолооч-цагдаа Дэрэм овогтой Дэмбэрэл, цагдаа ахлагч Сангидорж овогтой Эрдэнэ, хэв журмын байцаагч, ахлагч Галбадрах овогтой Наранцогт, замын цагдаагийн зохицуулагч, ахлагч Цэдэв овогтой Самбуу нар томилогдон ажиллаж байсан нь өнөөгийн эрүүгийн алба, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэв журам, замын цагдаагийн албадын суурь тавигдаж байжээ.

Цагдаагийн тасгийн анхны даргаар ахмад Ч.Төмөрбаатар /1992-1993/ томилогдон ахлах дэслэгч Д.Нарангэрэл /1993-1995/, хошууч У.Ишгомбо /1995-1998/, цагдаагийн дэд хурандаа С.Даваасүрэн /1998-2004/ нар ажиллаж байжээ.

 

Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал жилээс жилд хүндэрч, ажлын ачаалал ихэсч байгаа бодит байдал, цаашдын хандлагыг харгалзан Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2004 оны 463 тоот тушаалаар Замын-Үүд сум дахь цагдаагийн тасгийг Сум дундын цагдаагийн хэлтэс болгон өргөжүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Өргөн, Эрдэнэ сумдыг харъяалуулан ажиллуулахаар шийдвэрлэснээр цагдаагийн хэлтсийн анхны даргаар, цагдаагийн хурандаа А.Чимэдцэрэн 2004-2012 онд, цагдаагийн дэд хурандаа И.Батчулуун 2012-2014 онд, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг 2014-2016 онд, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав 2016-2018 онд ажилласан байна.

Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэс нь БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газарт 2 улсын иргэдийн амгалан тайван зорчих, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газрын удирдлагууд хилийн бүсийн Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичигт” 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан нь хүнийг хил дамнуулан худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мэдээ, мэдээлэл солилцох хамтран ажиллахад чиглэсэн гол баримт бичиг болжээ.

 Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтэс нь Монгол улсын хамгийн том олон улсын боомттой сумыг харъяалан улсын хилээр зорчиж буй иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх, авлига, хар тамхи, хүн худалдах, түүх соёлын дурсгалт зүйл, химийн хорт бодисны хууль бус эргэлт, эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн улс хооронд зорчигч, ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн газар, орон нутгийн татвар, иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 179 тоот тушаалаар Сум дундын цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, нийтийн хэв журам хамгаалах, замын цагдаагийн хэсэг, эрүүгийн цагдаа, захиргаа-аж ахуйн алба гэсэн бүтэцтэйгээр 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, 2015 онд Замын-Үүд суманд БНХАУ-ын ерөнхий консулын газар шинээр байгуулагдсантай холбогдуулан ЦЕГ-ын даргын 2015 оны Б/305 тушаалаар харуулын цагдаагийн 4 орон тоо, Тахарын алба татан буугдсантай холбогдуулан ЦЕГ-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/347 тушаалаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 7 орон тоо нэмэгдэж, Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж, цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай ЦЕГ-ын даргын 2017 оны А/135 тушаалаар тус цагдаагийн хэлтэст Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах зэрэг 4 сумдыг хариуцуулан Эрүүгийн цагдаагийн хэсэг, Мөрдөн байцаах хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах хэсэг, Замын цагдаагийн хэсэг гэсэн зохион байгуулалтын нэгжтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/37 дугаар тушаалаар тус хэлтсийн орон тоонд өөрчлөлт оруулж, эрүүгийн мөрдөгчийн 2, зохицуулагчийн 1 орон тоог нэмэгдүүлж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоог дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэдээлэл, судалгааны мэргэжилтний орон тоог ахлах мэргэжилтэн болгон өөрчилж, батлагдсан орон тоогоор офицер-32, ахлагч 24, энгийн 2, нийт 58 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байна.

Тус хэлтсээс С.Баасанжав, И.Батчулуун, Ж.Батбаяр, Д.Түмэнбаяр, Ж.Амгалан, Б.Ганзориг нар “Цагдаагийн хурандаа” цол хүртэж, А.Чимэдцэрэн Хууль сахиулах Их сургуулийн санхүү хангамжийн газрын даргаар, С.Баасанжав СААА-ны хангамжийн хэлтсийн дарга, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн даргаар, Б.Ганзориг, Ц.Сугаржав нар нь Төв, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргаар, Д.Түмэнбаяр тусгай газрын хэлтсийн даргаар, Ж.Амгалан Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн даргаар тус тус дэвшин ажилласан байна.

Өнөөдөр тус хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Ю.Чулуунбаатар,  Эрүүгийн цагдаагийн хэсгийн даргаар цагдаагийн хошууч Г.Пүрэвдэлгэр, Мөрдөн байцаах хэсгийн даргаар, цагдаагийн хошууч Б.Мөнхзул, Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаар, цагдаагийн хошууч Б.Амарсайхан, Замын цагдаагийн хэсгийн даргаар, цагдаагийн хошууч Х.Уранбаяр нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна